Шинэ жилийн баярын хурлаа зохион байгуулж, аварга ажилтан албан хаагчдаа тодруулав

“Дархан-Ус Суваг” ХК шинэ жилийн баярын хурлаа зохион байгуулж, аварга ажилтан албан хаагчдаа тодруулав

/2025.12.26/-ны өдөр Дархан хотын Залуучуудын театрт “Дархан-Ус Суваг” ХК-ийн шинэ жилийн баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээнд компанийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, нийт ажилтан албан хаагчид болон хүндэт зочид, төлөөлөгчид оролцсон юм.

Баярын хурлыг нээж “Дархан-Ус Суваг” ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ганзориг мэндчилгээ дэвшүүлэн, айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэж, байгууллагын 60 жилийн түүхэн замнал, ус хангамж, ариутгах татуургын салбарын хөгжилд хамт олныхоо оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ.

Өнөөдөр “Дархан-Ус Суваг” ХК нь Дархан хотын 16 мянга гаруй айл өрх, 1500 гаруй аж ахуйн нэгжийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулахын зэрэгцээ гэр хорооллын 46 мянга гаруй иргэнд 63 ус түгээх цэгээр дамжуулан үйлчилгээ үзүүлж байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи, автоматжуулалт, хяналтын системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж буйг дурдлаа.

Баярын хурлын үеэр байгууллагынхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж, ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан аварга ажилтан, албан хаагчдыг шалгаруулан тодруулж, шагнаж урамшуулсан юм. Шагнал хүртсэн ажилтнууд нь мэргэжлийн ур чадвар, хариуцлага, сахилга бат, хамтын ажиллагаагаараа бусдадаа үлгэр дууриал болж байгааг онцоллоо.

Түүнчлэн 2025 онд ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалинг 10 хувиар нэмэгдүүлж, нийт ажилтнуудыг эрүүл мэндийн өргөтгөсөн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулсан, ажиллах орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний хөгжилд чиглэсэн бодит ажлуудыг амжилттай хэрэгжүүлснийг баярын хурлын үеэр танилцуулсан юм.

Энэхүү арга хэмжээ нь хамт олны эв нэгдэл, байгууллагаараа бахархах сэтгэлийг бэхжүүлж, ирэх оны зорилго, зорилтыг тодорхойлсон онцлог, үр өгөөжтэй үйл явдал болсон юм.

Exit mobile version